Уртбулаг баг


УРТБУЛАГ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Уртбулаг баг нь АДХГЗ-ны 1994 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Багийн анхны Засаг даргаар П.Пагма, 1996 оноос З.Эрдэнээ, 2000 оноос Д.Цэрэннадмид, 2013 оноос Л.Анхбаяр, 2016 оны 5 сараас Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Цэнгэлмаа  нар ажиллаж байсан. 2016 оны 11 сараас С.Бямба-Оргил нь Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр  ажиллаж байгаад 2017 оны 04 сарын 22-ны өдрөөс Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.

Тус баг нь 10,5 га газар нутагтай, багийн ажлын алба Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, Хэсгийн ахлагч гэсэн орон тооноос бүрдэнэ. Цагдаагийн хэсэг, Өрхийн ЭМТ, СӨХ-той өдөр тутмын үйл ажиллагаагаа уялдуулан ажилладаг.

Уртбулаг багийн иргэд 5, 11-р хорооллын тохилог орон сууцанд амьдардаг. Сууц өмчлөгчдийн 5 холбоо үйл ажиллагаа явуулж байна. Тус багийн нутаг дэвсгэрт аймгийн ЗДТГ, Уурхайчин соёлын ордон, Консулын газар, Номин телевиз, Прокурор, Монгол банк, Төрийн банк, Ийгль сургууль, 1-р цэцэрлэг, Унага цэцэрлэг зэрэг төр захиргааны болон боловсрол соёлын төвүүд, үсчин гоо сайхан, цайны газар, кафе, хувийн эмнэлэг, эмийн сан зэрэг 160 гаруй салбар, ААН үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус баг нь 1313 өрх, 4702 хүн амтай, 430 ахмад настантай.

1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан Ц.Ролмаа, Д.Пүрэвжав, Г.Дорж нарын ахмад дайчид, Монгол улсын гавъяат багш С.Цэндсүрэн, Л.Төмөрчөдөр, Б.Шарав, М.Жавхлантуяа, С.Мэнджаргал, Хүний гавъяат эмч Т.Данзанлхагва, гавъяат тээвэрчин Н.Дарам, гавъяат уурхайчин Д.Даваа, зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт” цогцолборын анхдагч 26 ахмад, спортын мастер З.Чулуунбаатар, Н.Хүүхэндүү, Б.Баттулга, ОУХ мастер Дэлгэрмаа, системийн тэргүүний ажилтан зэрэг 165 алдар цолтнууд, ардын авъяастан 64 ажиллаж амьдарч байгаа нь багийн иргэдийн бахархал билээ.