Түүхэн товчоо:
Төв Азийн цээжинд орших уудам дэлгэр Монгол орны хоймор “Эрдэнэт овоо” хэмээн нэрлэгдэх орд газарт Монгол Зөвлөлтийн хамтарсан хайгуулчид зэс молибдений орд газрыг нээн илрүүлж “Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулсан түүхтэй.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн байгуулсан Эрдэнэт хот өргөжин тэлж XX зууны Манлай бүтээн байгуулалтын түүхэн гэрч болон сүндэрлэсэн нь 1975 оны 12-р сарын 11-ний өдрийн АИХ-ын тэргүүлэгчдийн 266-р зарлигаар 1976 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Эрдэнэт хороог улсын харъяалалтай “хот” болгохоор Булган аймгийн Сэлэнгэ, Хангал сумын нутгаас 80,0 мянган м2 газар нутаг дэвсгэр таслан авч шийдвэрлэсний дагуу Эрдэнэт хотыг байгуулж зохион байгуулалт, бүтцийн асуудал хэлэлцэж нутаг дэвсгэр, хүн амын байршлыг харгалзан Эрдэнэт хороог Баян-Өндөр, Найрамдал хороо, 1976 онд Эрдэнэт хот нэртэйгээр байгуулагдсан нь Монголын гурав дахь шинэ хот болж Монголын хамгийн газар нутаг багатай, хүн ам олонтой онцлог сум болон өргөжин тэлсээр байна.
Засаг захиргааны нэгж, газар зүйн байрлал, хүн ам:
Орхон аймгийн Баян-Өндөр сум нь нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан-Уул аймгаас 180 км, Булган аймгаас 65 км-ын зайтай байрлаж Булган, Сэлэнгэ аймагтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш дунджаар 1200 метрт өргөгдсөн, 27,5 мянган га нутаг дэвсгэртэй, нийт 107720 хүн амтай үүнээс 103405 хүн суурин амьдарч байна.
МУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан “Цахим эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд “Цахим сум” хөтөлбөрийг боловсруулан төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Засаг захиргааны 26 нэгж буюу 26 баг иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна. Хуулийн хүрээнд ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж иргэдийн сэтгэл ханамжийг сайжруулж, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж түүний хамгаалалтыг сайжруулах орчинг бүрдүүлснээр хөгжлийн түвшинг цогцлоох олон улсын жишигт хүрсэн сум болохоор чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлээд байна.
Эдийн засгийн түвшин:
Баян-Өндөр сумын Засаг даргын 2016 оны Б/38 дугаартай захирамжаар сумын санхүүгийн алба байгуулагдсан ба аймгаас татаас авдаггүй аймгийн төсөвт орлого төвлөрүүлдэг сумуудын нэг юм.
2025 онд 26 тэрбум Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хэрэгжүүллээ. Мөн иргэдийн амьдрах орчныг сайжруулах хүрээнд шаардлагатай газруудад 2 мөртэй зам, амралт чөлөөт цагаа өнгөхүүлэх спорт талбай, гэрэлтүүлэг, камержуулалт, зөөврийн ухаалаг худагууд, явган зам, авто замын засвар, нөхөн сэргээлтийн ажлууд гэх мэт бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэж, орон нутгийн дэд бүтцийн чанар, хүртээмжийг дээшлүүлэв.
Мөн Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар баригдсан Баян-Өндөр цэцэрлэг нь Монгол улсад сум өөрийн хөрөнгөөр барьсан анхны цэцэрлэг ба ОНХС-ийн 2,8 тэрбум төгрөг, аймгийн 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан. Тус цэцэрлэгт хамран сурах тойргийн 180 хүүхэд СӨБ-д хамрагдах боломж бүрдэж орон нутагт 27 ажлын байр шинээр бий болоод байна.
Баян-Өндөр сумын хоршоо хөгжүүлэх сангийн хувьд 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэн ба 2011 оноос хойш 555 иргэн, аж ахуй нэгж, хоршоонд 5,2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ жилийн хувьд 4 хоршоонд 322,7 сая төгрөгийн зээл олгоод байна.
Боловсрол, соёл
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харьяа, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль, МСҮТ болон төр, хувийн хэвшил нийлсэн 25 Ерөнхий боловсролын сургуулиуд, 38 цэцэрлэг үйлчилгээ үзүүлж байна. СӨБ-ийн байгууллагад нийт 410 үндсэн багш, 309 туслах багш ажилтан ажиллаж байна. Мөн орон нутгийн хэмжээнд нийт ЕБС-д суралцагчдын тоо 26432 хүүхэд суралцаж 1259 багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Сурагчдын хэрэгцээ шаардлагад зориулж ЕБС-дад 7 автобус 7 чиглэлд 16 сургуулийн 1750 орчим хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна.
Монголын зан заншил, өв соёлыг сурталчлах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэдэнд монголын уламжлалт арга ухаан, ахуйгаа танин мэдэх боломжийг бүрдүүлэх зорилгоор бид нутаг нутгийн түүхийн онцлог шинжийг илтгэсэн “Монгол ёс заншлийн цогцолбор”-ыг барьж байгуулсан. Мөн үндэстэн ястан бүрийн хурим найр уламжлалт ёс заншлаар тус цогцолборт хуримаа хийж, гал голомтоо бадраан, монгол уламжлалаа дэлгэрүүлсээр байна.
Эрүүл мэнд
Баян-Өндөр сумын хэмжээнд эрүүл мэндийн 153 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас өрхийн эрүүл мэндийн төв 8, хувийн эмнэлэг стационар, амбулатори үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг 53, ортой эмнэлэг 12, Орхон аймагтаа төдийгүй бүсийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг БОЭТ, “Эрдэнэт медикал” эмнэлэг, Баян-Өндөр мед, Эрдэнэт сувилал, эмийн сан 76 байна. Эдгээрт 454 их эмч, 507 сувилагч ажиллаж байна. Сумын хэмжээнд 10000 хүн тутамд 43 их эмч, 48 сувилагч, 95 ор, нэг их эмчид 227 хүн, нэг сувилагчид 202 хүн тус тус ноогдож байгаа юм.
Үйлдвэрлэл, үйлчилгээ:
Баян-Өндөр суманд 900 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас зэс молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаараа Ази тивд төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Хивс үйлдвэрлэлийн дотоодын хэрэгцээний дийлэнх хувийг бүрдүүлэгч, Монгол хонины ноосны чанар онцлогийг дэлхийн 20 гаруй оронд таниулж бүтээгдэхүүнээ экпортлож буй “Эрдэнэт хивс” компани, Жилд 2,5 тонн цэвэр зэс үйлдвэрлэж, зэс утас, цахилгааны утас үйлдвэрлэдэг Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” ХХК, жилд 10 мянган тонн катодын зэсийг гидрометаллургийн аргаар ялгах хүчин чадалтай “Ачит-Ихт” ХХК, барилгын материалын үйлдвэрлэлийн “Очир төв”, Монголын анхны лед гэрлийн үйлдвэр “Анд-Энерги” ХК зэрэг томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж жилд дунджаар сум, аймаг, улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв төвлөрүүлдэг томоохон сум юм.
Түүнчлэн 6000 хүний суудалтай “Цэнгэлдэх хүрээлэн”, “Бурхан багшийн сэрэг дүр”, 1200 гаруй нэрийн 1700 орчим үзмэртэй “Музей”, 1100 хүний суудалтай спортын “Хангарьд” цогцолбор, Хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэхэд чиглэсэн Хүүхэд Залуучуудын Ордон, Хүүхэд залуучуудын театр, “Уурхайчин” соёл урлагийн цогцолбор зэрэг нийгэм, соёлын үйлчилгээний 20 гаруй байгууллага иргэдэд үйлчилж байна.
Dear Mr / Mrs ; ,
I and my qatari businessman friend want buy ; large quantities of live and slaughtered lamb - mutton and beef
Pls back me.
Regards. KABAALİ
+ 90 532 331 89 30
Сэтгэгдэл үлдээх