Төрийн албаны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг найдвартай хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, оновчтой, уян хатан, зөв зохион байгуулж орчин үеийн шинэлэг арга барилуудыг нэвтрүүлэн ажиллах нь бидний эрхэм зорилго юм.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг нь 1987 онд Эрдэнэт хотын 4-р хороо нэртэйгээр анх байгуулагджээ. Түүнээс хойш 1994 онд Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 14 тоот тогтоолоор Хүрэнбулаг хэмээн нэрлэн баг болж ажиллах үндэс суурь нь тавигдсан байна. Хүрэнбулаг баг нь 136,8 га нутаг дэвсгэрийг эзлэн Баян-Өндөр уулын зүүн өмнөд өвөрт оршдог ба 1485 өрхийн 5754 хүн амтай, нийт хүн амын 48.2% нь эрэгтэй, 51.8% нь эмэгтэй, 55 ба түүнээс дээш насны 629, 18 хүртэлх насны 1996, Техникийн болон мэргэжлийн, тусгай дунд түүнээс бага боловсролтой 2530, Диплом болон бакалаврын зэрэгтэй 1706, Магистрын зэрэгтэй 305, докторын зэрэгтэй 36 хүн ам ажиллаж амьдарч байна. Багийн нутаг дэвсгэрт Эрдэнэт хотын гол түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалууд, амралт чөлөөт цагийг өнгөрөөх анхдагчдын хөшөө, Цэдэнбал агсны хөшөө, Хүрэнбулаг рашаан, усан оргилуур, хүрхрээ, гэрэлт гудамж зэрэг газрууд болон “Анхны –Оч” өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн хэсэг, хувийн болон улсын 5 цэцэрлэг, 4 сургууль тус тус үйл ажиллагаа явуулдаг. Мөн Ниймгийн даатал, Татварын хэлтэс, Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компань, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын захиргааны төв байр зэрэг томоохон байгууллагууд байрладаг. Аймгийн төв хийд Гандан Шаддүвлин болон бусад 3 хийд сүсэгтэн олонд үйлчилэхээс гадна Эрдэнэт хотын худалдаа, үйчилгээ, банк санхүүгийн байгууллага төвлөрсөн, нийтийн орон сууцны 4-р хороолол, хувийн орон сууцны 11-р хорооллоос тус тус бүрдсэн төвийн томоохон багийн нэг юм.
Хүрэнбулаг багийн ажлын алба нь Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан гэсэн 3 үндсэн орон тоотой, гэрээт 5 хэсгийн ахлагчтай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд багийн дэргэдэх ахмадын зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөл, залуучуудын зөвлөл, анхны тусламжийн нөхөрлөл, хөршийн холбоо, сууц өмчлөгчдийн холбоодууд зэрэг иргэний байгууллагуудтай хамтран идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус баг нь байгуулагдсан цагаасаа хойш 1995, 2009, 2012, 2014 онуудад Орхон аймаг, Баян-Өндөр сумын дэд болон тэргүүний багаар тус тус шалгарсан амжилтуудыг үзүүлсэн бөгөөд багийн иргэдэд Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, эелдэг, хүртээмжтэй, шударга үзүүлэх явдлыг эрхэмлэн, албан ажилдаа уламжлалыг хадгалахын зэрэгцээ орчин үеийн шинэлэг арга барилуудыг нэвтрүүлэн ажиллах эрхэм зорилгыг өвөрлөн урам зоригтойгоор ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх