СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО ЗОХИОН БАЙГУУЛЖ, БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ
Сууц өмчлөгчдийн холбоог байгуулах, бүртгүүлэхтэй холбогдох харилцааг Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах, бүртгэх журмаар тус тус зохицуулсан байдаг.
Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “СӨХ” гэх/-г байгуулна. Зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны барилгад сууц өмчлөгчид нэгдэн нэг СӨХ байгуулж болно.
СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байхыг хуульчилсан байдаг. Холбоо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкинд харилцах данстай байна. Хуульд нарийвчлан зохицуулсанаас бусад тохиодолд холбоо нь гишүүдийн хүлээх үүргийг, гишүүд нь холбооны хүлээх үүргийг хариуцахгүй.
СӨХ-г зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулах ба шаардлагатай тохиолдолд тухайн шатны Засаг даргын санаачилгаар хурлын товыг зарлан хуралдуулна. Хуралд оролцогчдоос хурлын тэргүүлэгчдийг сонгох ба холбоо байгуулах тухай сууц өмчлөгч, эзэмшигчдийн олонхийн саналын дагуу хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар байгуулагдсанд тооцно
Сэтгэгдэл үлдээх