Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XII хуралдаанаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил хязгаарыг тогтоож, тус бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах болон түүнтэй холбоотой зардлыг нөхөн төлүүлэх журмыг баталлаа.
Энэхүү зохицуулалт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2 дахь заалтад үндэслэж байгаа юм.
Батлагдсан журам нь Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад эрх зүйн хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж, эхэлнэ.
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд дараах байршлуудыг хамрууллаа. Үүнд:
- Хотын төв хэсэг
- 11-р хорооллын хойд хэсэг рашааны ойр орчим
- Баян-Өндөр уулын баруун урд хэсэг
- Цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчмын хэсэг
- Баян-Овоот багийн хажуугийн ойжуулалтын талбайн хэсэг
Дээрх хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах байранд байршуулж, хадгалалттай холбоотой гарсан зардлыг малчнаар нөхөн төлүүлэхээр зохицууллаа.
Тодруулбал, малын төрлөөс хамааран дараах төлбөрийг тооцно.
Бог мал: Нэг толгойг өдөрт 5,000 төгрөг, хоногт 10,000 төгрөг.
Бод мал: Нэг толгойг өдөрт 10,000 төгрөг, хоногт 20,000 төгрөг.
Журмыг хэрэгжүүлснээр нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг хамгаалах, хотын орчны аюулгүй байдлыг хангах, мөн малыг зам тээврийн осол болон бусад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.









Сэтгэгдэл үлдээх